БАЯНХОНГОР АЙМГИЙН ЖИНСТ СУМ
ЗАРЛАЛ
Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна. Жинст сумын хүүхдийн Ирээдүй цэцэрлэгт Багшийн ажлын түр орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж байна. Харилцах утас: 96880686
Жинст сумаас төрөн гарсан алдартнууд

Лувсандоржийн ТОЙВ /Гадаад Явдлын яамны сайд асан/

         Жинст сумаас Монгол улсын хэмжээнд нэр цуугаа мандуулж, хариуцлагатай алба хашиж явсан хүмүүс цөөнгүй байдаг. Тэдний нэг нь Лувсандоржийн Тойв агсан билээ.

Тэрээр 1915 онд Баянхонгор аймгийн Жинст сумын Хонгорын тал гэдэг газар малчин Лувсандоржийн тавдугаар хүү болон төржээ. Бага насаа эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжсэн.

1929-1930 онд Цэцэрлэг Мандалын аймаг Баянзүрх уулын хошууны бага сургууль, 1930-1934 онд Багш нарыг бэлтгэх сургууль, 1940-1942 онд ЗХУ-д Лениний нэрэмжит цэргийн улс төрийн академи, 1947-1950 онд МУИС, 1962-1964 онд ЗХУ-д дипломатын дээд сургуульд суралцаж төгсчээ.

1934-1936 онд Завханд дунд сургуулийн багш, захирал, гэгээрлийн хэлтсийн дарга 1936-1938 онд Өвөрхангай аймгийн ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга, 1938-1940 онд ардын хувьсгалт цэргийн “Улаан-Од” сонины эрхлэгч, 1942 оноос Цэргийн улс төрийн газрын суртлын хэлтсийн дарга, 1947-1950 онд Хэвлэл утга зохиол хянах газрын дарга, 1950 оноос Намын Төв Хорооны суртлын хэлтсийн эрхлэгч, 1952 оноос Монголын зохиолчдын холбооны даргаар ажиллаж байсан. 1953 оноос дипломат ажилд шилжин ажилласан. 1953- 1957 онд БНМАУ-аас ЗХУ-д суугаа ЭСЯ-нд нарийн бичгийн дарга, зөвлөх, 1957-1960 онд ГЯЯ-нд Өрнөд хэлтсийн эрхлэгч, 1960-1962 онд БНМАУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд зөвлөх, 1964-1966 онд БНМАУ-аас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч, 1966 оноос БНМАУын ГЯЯ-ны нэгдүгээр орлогч сайд, 1968-1970 онд БНМАУ-ын ГЯЯ-ны сайдаар ажиллаж байгаад өвчний учир таалал төгссөн.

Л.Тойв нь төрийн байгууллагад удирдах албан тушаалын ажлыг 27 жил идэвхи зүтгэлтэй гүйцэтгэж, гадаад харилцааг хөгжүүлэх талаар ихээхэн анхаарал тавин ажиллаж байсан төрийн шилдэг зүтгэлтэн байлаа.

Л.Тойвын хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлэн 1950 онд Хөдөлмөрийн гавъяаны одон, 1939, 1965 онд Алтан гадас одон, 1945 онд Цэргийн гавъяаны одон, ЗХУ-аас Улаан таван хошуу одон, 1937 онд Хурандаа цол, 1964 онд “Онц бүрэн эрхт элчин сайд” цолоор шагнажээ. Л.Тойв МАХН-ын 11, 12, 13, 15-р их хуралд төлөөлөгчөөр оролцон Намын төв хорооны гишүүнээр, БНМАУ-ын АИХ-ын депутатаар хоёр удаа сонгогдож байжээ.

Сумаадын ЦЭДЭНДАМБА /Дипломатич, Элчин сайд/

Сумаад нь Дашдамба, Цэдэндамба, Гунгаабуу гэсэн гурван хүүтэй байсан бөгөөд Дашдамба нь лам хүн байжээ. Цэдэндамба нь 1915 онд Жинст сумын нутагт малчны гэрт төржээ. Бага насандаа Ламын гэгээний хүрээнд шавилан сууж байсан ба ардын цэргийн албыг хаасан байна. Дотоодод сургууль соёл төгсөөгүй ч өөрийн оролдлогоор бичиг сурч улмаар ЗХУ-д Дорно дахины дээд сургууль болон хуучнаар ЗХУКН-ын дээд сургууль төгссөн дээд боловсролтой сэхээтэн, төрийн түшээ байв.

Гэр бүлийн хувьд эхнэр нь Дорнод аймгийн Чимэд гэдэг эмэгтэй байсан бөгөөд 3 хүүхэдтэй байжээ. Том хүү Антен нь Зүүн баянгийн цэргийн ангид ахлагч цолтой офицероор ажиллаж байжээ. Охин Норжмаа нь 1944 онд Улаанбаатар хотод төрсөн. 1963 онд УБДС-ийг төгссөн. 1966-1993 онд МҮТВ-ийн “Соёл урлагийн” редакцид найруулагчаар ажиллаж байжээ. Монголын уран сайхны “Алтан өргөө” киноны туслах дүрд тоглож сохор хүүхэн Сарангэрэлийн дүрийг бүтээжээ.

Хийж явсан ажил нь: 1938-1940 онд Дорнод аймгийн цэргийн барилгат ажилчин, бичиг хэргийн эрхлэгч, Улаанбаатар хотод барилга трестэд хэлтсийн байцаагч, 1944-1956 онд МАХН-ын Төв Хороонд зааварлагч, зохион байгуулагч мөн Төв Хорооны зохион зааварлах хэлтсийн эрхлэгч, Дорнод аймгийн МАХН-ын хорооны 1-р нарийн бичгийн дарга, 1956-1978 онд Гадаад явдалын Яамны системд /хуучин нэрээр/ хэлтсийн орлогч ба жинхэнэ дарга, тус яамны ерөнхий нарийн бичгийн дарга, коллегийн гишүүн, Чехословак, Польш улс дахь өөрийн элчин сайдын яамдад 1-р нарийн бичгийн дарга, Энэтхэг, Болгар улсуудад элчин сайд, мөн Афганистан, Шри-ланка улсад хавсарсан элчин сайд, ЗХУ- ын Эрхүү хотод ерөнхий консул, 1960-1963 онд Монголын энх тайван найрамдалын байгууллагуудын гүйцэтгэх хорооны дарга, 1978-1988 онд СнЗ-ийн дэргэдэх Шашны Хэрэг Эрхлэх зөвлөлийн орлогч дарга зэрэг албан ажлыг гүйцэтгэж байгаад 1988 онд өндөр насны тэтгэвэртээ суусан байна.

Цэдэндамба агсан нь 1938 оноос эхлэн нам, олон нийт, төрийн байгууллагад 50 орчим жил тасралтгүй ажиллахдаа улс, ард түмнийхээ итгэл найдвар, дээд газрын тогтоол шийдвэрээр зарим нэг хариуцлагатай ажилд томилогдон хүчин зүтгэж нутгийн нэрийг өндөрт өргөж явсан Жинст сумын уугуул нам, төрийн шилдэг түшээ байлаа.

АИХ-ын депутатаар 1951, 1958 онд хоёр удаа сонгогдож, МАХН-ын их хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцож байсан. Төрөөс Хөдөлмөрийн гавъяаны одон, Алтан гадас одонгоор тус бүр 2 удаа, мөн Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 40, 50, 60, 70 жилийн ойн медаль, Милитарист японыг ялсны болон Халх голын ой зэрэг 10 гаруй медалиар шагнагдсанаас гадна Гадаад явдлын Яамнаас “Тэргүүн шадар” цолоор, МХЗЭ- ийн Төв хорооноос “Залуу үеийг халамжлагч тэргүүний ажилтан” тэмдэг хүртээжээ.

Гунгаабуу нь Жинст суманд төрсөн. Намын хэсгийн ахлагч, ухуулагчын ажлыг олон жил хийж дараагаар нь 1-р бригадад нэгдлийн мал маллаж байв. Эхнэр нь Гэндэнгийн Цэвэл. Хүүхдүүд нь Төмөрсүх, Төмөр, Сүхээ, Батсүх /хүү/, Саран / Жолооч Баттогоогийнд өргүүлсэн/, Сүхбат нар юм. 

Даваагийн ДОРЖДУЛАМ /Соёлын гавъяат зүтгэлтэн/

1936 онд Жинст суманд төрсөн. 1944-1948 онд Жинст сумын бага сургууль, 1948-1951 онд Баянзүрх сумын 7 жилийн дунд сургууль, 1950-1954 онд Баянхонгор аймгийн 10 жилийн сургууль, 1954-1959 онд Улаанбаатар хотод ХААДС-д суралцаж малын их эмчийн мэргэжил эзэмшсэн. 1959-1963 онд Баянхонгор аймгийн Мал эмнэлэгт лабораторийн шинжлэгч эмч, лабораторийн эрхлэгч, аймгийн Мал эмнэлэгийн ерөнхий их эмч, ХААУГ- ын орлогч даргаар ажиллаж байсан. 1963-1969 онд тэр үеийн МАХН-ын ТХ-ны шийдвэрээр “Үнэн” сонин, “Хөдөө аж ахуй” сонинд утга зохиолын ажилтан, 1969-1972 онд ЗХУ-д КНДС-д суралцан сэтгүүлч мэргэжил эзэмшсэн. 1972-1992 онд Үнэн сонинд ХАА, гадаад мэдээлэл хариуцаж, сурвалжлагч, захидал харилцааны хэлтсийн эрхлэгч, коллегийн гишүүний алба хашиж байсан бөгөөд дээрх хугацаанд “Үнэн” сониний Москва хот дахь сурвалжлагчаар 2 удаа томилогдон ажилласан. Тэрбээр 1988-1992 онд нөхөр Эрдэнээ Бүгд Найрамдах Куба улсад элчин сайдаар ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд Монголтой дипломат харилцаатай Латин Америкийн орнуудыг хариуцсан сурвалжлагчаар “Үнэн” сониний томилолтоор ажиллажээ.

Түүний нөхөр Осорын Эрдэнээ нь Говь-Алтай аймгийн хүн бөгөөд эднийх нэг охинтой ажээ. Түүний хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж 2012 онд МУ-ын Соёлын гавъяат зүтгэлтэн, 2005 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, 1981 онд алтан гадас одон, мөн МСЭ-ийн уран бүтээлийн шагнал зэргийг хүртээжээ.

 

 

Цэдэндоржийн ТҮВШИНТӨГС /МУ-ын гавъяат жүжигчин/

1967 онд төрсөн. Жинст сумын уугуул. Аав Цэдэндорж нь тус сумын ард малчин, Халх голын байлдааны ахмад дайчин Гэндэнсономын Санги агсаны хүү байсан. Удам судраараа Түвшинтөгс нь эцгийнхээ талаар Жинст сумаас төрсөн, Жинст нутгийнханы бахархал болсон дуучин гэдэг нь тодорхой юм аа.

Ц.Түвшинтөгс нь Хэнтий аймгийн 10 жилийн дунд сургууль, 1987-1992 онд СУИС-д суралцаж дуулаачын мэргэжил эзэмшсэн. 1996 онд Итали улсын Триест хотод мэргэжил дээшлүүлсэн. 1992-2007 онд УДБЭТеатрт гоцлол дуучин, 2006 оноос СУИС-ийн дуулах ур зүй, уран чадвар, дуурийн тавилын багш, Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын даргаар ажилладаг. Энэ хугацаанд “Трубадур” дуурийн Граф Ди Луна, “Отелло” дуурийн Яго, “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн болон худалдаачин, “Чио Чиосан” дуурийн Ямадори, “Турандот” дуурийн Мандарин, “Кармен” дуурийн Эскамеллио зэрэг дүрийг амжилттай бүтээсэн уран бүтээлч юм.

Ц.Түвшинтөгс нь “Учиртай гурван толгой” дуурийн Улсын 2-р уралдаанд Юндэнгийн дүрээр тэргүүн шагнал, нийтийн дууны “Морин хуур” уралдааны 1992, 1996 оны тэргүүн байр, “Цагаан лавай” дууны уралдаанд “Сүүдэр цармын цэцэг” дуугаар тэргүүн байр, “Зөвхөн монголдоо” дуугаар тэргүүн байр, “Хонгор зул” сонины нэрэмжит “Хайрын дууны наадам”-ын тэргүүн байр, Б.Шаравын “Чингис хаан” дуурийн Чингис хааны дүрээр 2003 оны шилдэг уран бүтээлчийн шагнал авчээ.

Түүний дуурийн урлагт оруулж буй хөдөлмөр бүтээлийг Төр засгаас үнэлэн 1997 онд МУ-ын Гавъяат жүжигчин цолоор шагнасан билээ.

Гончигийн ЦУЛБУУР / Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан/

1950 онд Баянхонгор аймгийн Жинст сумын 3-р багийн нутаг “Бургатайн гол”-д малчин ард Гончигийн ууган хүү болон төржээ. Бага насаа аав ээжийнхээ заавраар хонь хурга хариулж өссөн. Эцэг Гончиг, ээж Логиосүрэн нар мал маллан Жинст сумын 3-р багийн нутаг “Тариат”, “Улаан уул”-ын өвөрт нутаглан аж төрөн амьдарч явсан хүмүүс. 1957 оны хавар газар хүчтэй хөдөлснөөс Улаан уулнаас Өлзийт сумын 1-р бригадын нутаг “Шийрийн шанд” гэдэг газарт нүүн ирж тус бригадад шилжин суурьшжээ.

Цулбуур Өлзийт сумын дунд сургуулийн 1-р ангид орж суралцан 4-р ангиа онц дүнтэй төгсч таван онцын эзэн болж Аймгийн пионер сурагчдын чуулга уулзалтад оролцож байжээ. Тэндээсээ Аймгийн 8 жилийн дунд сургуульд элсэн орж 1968 онд 10-р анги төгсжээ. 1968- 1973 онд АУДС-ийг онц дүнтэй төгсч өөрийн хүсэлтээр Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Баацагаан сумдад 1973-1979 онд хүний их эмч, 1979-1984 онд Аймгийн Нэгдсэн эмнэлэгт ерөнхий эмч, 1984-1986 онд Намын дээд сургууль төгсч Хэнтий аймагт хуваарилагдан 1993 он хүртэл Нэгдсэн эмнэлгийн дарга, 1993-1996 онд ЭМЯаманд мэргэжилтэн, 1996 оноос Нийслэлийн яаралтай тусламжийн төвийн захиралаар ажиллаж байв.

Цулбуур эмч өөрийн мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд байнга анхаарснаар 1975 онд Гэмтэл согогийн мэргэжил олгох анхны курс, 1977-1978 онд Москва хотод ОУ-ын эрүүлийг хамгаалахын зохион байгуулагчдын дээд курс мөн Тайланд, Хятад, Бээжин, Хөх хот, Шанхай, Солонгос, Япон, ОХУ, Украйн, Киев, Ленинград хот, Польш, Гармен зэрэг улс орнуудад болон дотоодын сургалт семинарууд, онолын хурал зөвөлгөөнд оролцож сурсан мэдсэнээ өөрийн ажил болон хамт олныг сургаж дадлагажуулахад санаачлага гарган ажиллажээ.

Цулбуур эмч төв хөдөөгийн эмнэлэг, урьдчилан сэргийлэх байгууллагуудад болон хувийн хэвшилд тасралтгүй 40 шахам жил идэвхи зүтгэл, үр бүтээл гарган ажилласныг нь төр засаг өндөр үнэлж удаа дараа шагнаж урамшуулж байсан байна. Тухайлбал:

МХЗЭ-ийн 18-р, МҮЭ-ийн 17-р, эмч нарын 3,4,5-р, МУЗН-ийн 5,7,8-р их хурлуудад төлөөлөгчөөр оролцож, 2000 онд МУ-ын “Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан” цол, тэмдэг, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч тэмдэг, ЭХТАжилтан болон Нийслэлийн эмнэлэгийн тэргүүний ажилтан цол тэмдэг хүртжээ.

Сосорбарамын ЭРДЭНЭМААМ /Профессор/

С.Эрдэнэмаам 1953 онд Баянхонгор аймгийн Жинст суманд төрсөн. 1965 онд Жинст сумын бага сургууль, 1969 онд Богд сумын дунд сургууль, 1971 онд төвийн 10 жилийн дунд сургууль, 1972 онд ЗХУ-ын Эрхүү хотын бэлтгэл факультет, 1977 онд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургууль, 1995 онд Москва хот дахь А.С.Пушкины нэрэмжит Орос хэлний институтын аспирантурыг /эчнээгээр/ тус тус төгссөн.

Хэл судлаач, орос хэл, уран зохиолын багш мэргэжилтэй, хэл бичгийн ухааны докторын зэрэгтэй, профессор цолтой. 2007 онд Монгол улсын Боловсролын шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүнээр сонгогдсон. Хүмүүнлэгийн их сургуулийн дэргэдэх зэрэгцүүлсэн хэл шинжлэл, толь бичиг, орчуулгын онолоор эрдмийн зэрэг хамгаалуулах докторын хорооны гишүүн, БСШУЯ-ны харьяа

Боловсролын үнэлгээний төвийн тест боловсруулах багийн эксперт.

1977-1981 онд Монгол улсын их сургуульд багш, 1981-1987 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөл /хуучин нэрээр/-ийн орлогч даргын нарийн бичгийн дарга, 1987-1989 онд МАХН-ын ТХ-ны үзэл суртлын хэлтэст зааварлагч, 1989-1991 онд А.С.Пушкины нэрэмжит Орос хэлний институтын Улаанбаатар хот дахь салбарын орлогч захирал, 1991-1992 онд Боловсролын яамны боловсролын мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагч, 1992- 1993 онд Хөгжмийн коллежийн захирал, 1995 оны 3 дугаар сараас 8 дугаар сар хүртэл Монгол-Оросын хамтарсан дунд сургуулийн захирал, 1995-1996 онд Боловсролын яамны дэргэдэх Эрдмийн зэрэг, цол олгох дээд зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1996 оноос одоог хүртэл МУБИС-ийн Гадаад хэлний сургуулийн Орос хэл, уран зохиолын тэнхимийн эрхлэгчээр идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байна.

С.Эрдэнэмаам нь удирдах дээд байгууллага, дунд, дээд боловсролын салбарт тасралтгүй 37 жил ажиллахдаа бүх шатны сургуулийн орос хэлний багш бэлтгэх, тэдний мэдлэг боловсролыг дээшлүүлэх, ЕБС-ийн сурагчдын орос хэлний улсын олимпиадыг зохион байгуулах, Монголын орос хэл, уран зохиолын багш нарын холбооны үйл ажиллагааг орчин үеийн шаардлагын хэмжээнд удирдах, эрхэлж буй танхимийн багш нарыг эрдэмжүүлэх, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрүүдийг цаг үедээ нийцүүлэн шинэчлэн боловсруулах, орос хэлний мэргэжлийн ангийн оюутны хэл-орон судлалын дадлагыг ОХУ-д үр дүнтэй хийлгэх зэргээр эрхэлсэн ажилдаа бүхий л мэдлэг чадвар, зохион байгуулах авъяасаа дайчлан үр бүтээлтэй ажиллаж буй манай шилдэг тэргүүний эрдэмтэн багш нарын нэг юм.

С.Эрдэнэмаамын Монгол улсад орос хэлний мэргэжилтэн бэлтгэх, орос хэлийг заах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулж буй их хувь нэмрийг нь үнэлж Олон улсын Орос хэл, уран зохиолын багш нарын холбоо 2002 онд Вашингтон хотноо хуралдсан Ерөнхий ассамблейнхаа шийдвэрээр түүнийг байгууллагынхаа дээд шагнал болох “А.С.Пушкины нэрэмжит Алтан медалиар” шагнасан ба ОХУ-ын Буриадын их сургууль 2003 онд “Хүндэт профессор” цолоо хүртээжээ.

Түүний хөдөлмөр бүтээлийг төр засгаас үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, АБТАжилтан цол, тэмдэг хүртээжээ.

Соном-Ишийн ДАШЦЭВЭЛ (доктор)

1944 онд Баянхонгор аймгийн Жинст суманд төрсөн. 1953- 1963 онд БХР аймгийн 10 жилийн дунд сургууль, 1963-1969 онд БНСВУ-ын Их сургууль, 1979-1985 онд ЗХУ-ын ШУА-ийн Дорно дахины судлалын аспирантур төгсч, 1993-1995 онд БНХАУ-н Наньжин хотын Их сургуульд тус тус суралцсан. Сургууль төгсөөд ГХЯ, ШУА-ийн Хэл, утга зохиолын хүрээлэн, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнд ажиллаж, тэнд орчуулагч, судлаач, ЭША, эрдэмтэн нарийн бичгийн дарга, Олон улс судлалын төвийн захирал, Олон улс судлалын хүрээлэнгийн Зүүн Өмнөд Ази судлалын секторын эрхлэгчээр ажиллаж байв.

С.Дашцэвэл Орос улсад боловсролын докторын зэрэг хамгаалсан. Вьетнам судлаач, Боловсролын доктор, дэд профессор. Тэрбээр Монгол-Вьетнамын найрамдлын нийгэмлэгийн тэргүүнээр 10 гаруй жил ажиллаж, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө зүтгэж ирсэн нийгмийн зүтгэлтэн юм.

Зав чөлөөгөөрөө Вьетнамын уран зохиолыг монголын уншигчдад танилцуулах зорилгоор Хошиминий зохиол шоронд бичсэн тэмдэглэл, То Хыүгийн яруу найргын эмхтгэл, Цус цэцэг, То Хоай Мен дэвхрэгийн адал явдал, Вьетнам ардын үлгэр, домог, 77

Вьетнам өгүүллийн түүвэр зэрэг ном орчуулснаас гадна Вьетнамын яруу найрагч Занг Нам, Хфй Кан, Тэ Хань, Суан Зьеү, Лэ Ань Суань, Ли Фыонг Льен, Суань Күйнь, Лыонг Ан, хүүргэл зохиол Нгүен Конг Хоан, Жү Ван, Суан Сань, Нгуен Дык Тхуан нарын шүлэг зохиолоос хөрвүүлж Утга зохиол урлаг сонин, Цог сэтгүүлд хэвлүүлжээ.

С.Дашцэвэл төр улсынхаа төлөө он удаан жил ажилласны учир Улс түмний Энх тайвны “Мөнгөн од” одон, Алтан гадас одон, БНСВУ-ын найрамдлын одонгуудаар шагнагдсан байна.

Соном-Ишийн ЮНДЭНБАТ /Хөгжим судлаач/

Соном–Ишийн Юндэнбат 1946 онд БхР аймгийн Жинст сумын нутаг “Хөнөгийн цав” хэмээх газар төрсөн. 1953-1957 онд Жинст сумын бага сургууль, 1963 онд БхР аймгийн 1-р 10 жил, 1973 онд УБДС-ийн хөгжмийн ангийг хөгжмийн удирдаач мэргэжлээр, 1986 онд Д.Сүхбаатарын нэрэмжит НДС-ийг удирдлагын менежмент мэргэжлээр тус тус дүүргэсэн.

1964-1969 онд Баянхонгор аймгийн Соёлын ордонд хөгжимчин, 1973-1983 онд аймгийн соёлын ордон, Хөгжимт жүжгийн театрт хөгжмийн багш, хөгжмийн удирдаач, 1986- 1990 онд Баянхонгор аймгийн МАХН-ын хорооны үзэл суртлын хэлтсийн эрхлэгч, аймгийн АДХГЗ-ны Соёлын хэлтсийн дарга, 1990-1997 онд Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн хорооны дэд тэргүүн, 1997-2009 онд Утга соёлын өвийн үндэсний төвийн гүйцэтгэх захирал, 2009 оноос Соёлын өвийн төвийн Биет бус өвийг хамгаалах хэлтсийн даргаар ажиллаж байна.

С.Юндэнбат Баянхонгор аймгийн депутат, ҮЭ-ийн бүгд хурлын гишүүний сонгуульт ажлуудыг хийж, төрж өссөн нутагтаа Ламын гэгээний хийдийг сэргээх, Ламын гэгээний анхдугаар дүр Эрдэнэбандида хутагт Лувсанданзанжанцангийн тухай судалгаа шинжилгээний ажилд оролцон МЭДН-ийн 5-р их хурал, МАХН-ын онц их хуралд төлөөлөгчөөр оролцжээ.

ЗХУ, Польш, Герман, Япон, Солонгос зэрэг оронд утга соёлын өвийг судлах, сурталчилах ажлаар явж илтгэл, сонсгол тавин Монгол ардын соёл урлагыг гадаадын орнуудад таниулах, суртчилах ажлаар Монгол үндэстний утга соёлын гайхамшигт өв Морин хуур хөгжмийн уламжлалт урлагыг ЮНЕСКО-гоос “Хүн төрөлхтний утга соёл, аман өвийн шилдэг дээж “-ээр тунхаглахад онцгой хувь нэмэр оруулсан. Тэр дундаа уртын дууг Дэлхийн утга соёл, аман өвийн шилдэг дээжид бүртгүүлэх ажлын бүрэлдхүүнд оролцон судлах, сурталчилах, хадгалж хамгаалахад сэтгэл зүтгэлээ зориулж явна.

Уран бүтээл: Удирдаж тоглуулсан хөгжим, Б.Дамдинсүрэн, Д.Нацагдорж “ Учиртай гурван толгой” дуурь 1975, Г.Бирваа, Д.Рэгсүрэн “Эрдэнэ тээлийн уянга” дуурь 1976, Г.Бирваа, Д.Намдаг “Их хурим” хөгжимт драмын жүжиг 1979, Г.Бирваа, Д.Намдаг “Гурван хашир найман танхил” хөгжимт драмын жүжиг 1981, Г.Бирваа, Д.Намдаг “Шинэ байшин” хөгжимт драмын жүжиг 1982,

Баримтат кино: Монголын уламжлалт морин хуур”-2003, “Монгол уртын дуу”-2004, “Монгол цуур”-2009, Монгол тууль”-2009, “Чингис тэнгэрийн тойн”-2009

Бичсэн ном: Эрдэнэ бандид хутагт нарын цадиг оршвой”-1999, “Ламын гэгээний домогт бөхчүүд”-1999, “Орхон, Тамирын сав нутгаар” -2009

Эрхлэн эмхтгэсэн ном: Г.Бирваа “Эх орон эцэг эхээс эхтэй”-2006, Г.Бирваа “Ерэн жилийн дурсамж”-2007, “Эрдэм шинжилгээний илтгэл өгүүлэл”, “Цуур, хөөмийн урлагын үүсэл, гарвалын тухайд”, “Морин хуур, экилын хөг, хөглөө ба уламжлалт урын сан. Тэдгээрийн харилцан шүтэлцээ” зэрэг 20 гаруй илтгэл, өгүүлэл бичжээ.

Шижээгийн ПАЛАМДОРЖ /Доктор, профессор/

1948 онд Жинст сумын нутаг “Хөнөг”-т төржээ. 1966 онд аймгийн төвийн 1-р 10 жилийн дунд сургууль төгсөөд, ЗХУ-ын Москва хотноо Цэргийн хими хамгаалалтын академийг 1973 онд инженер-химич мэргэжлээр төгссөн. 1979 онд ЗХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академийн дээд курсийг төгсөж, оператив тактикийн мэргэжил эзэмшсэн.1982 онд Москва хотноо Цэргийн хими хамгаалалтын академийн адъюнктурыг төгсөж, дэд эрдэмтний /Ph.D/ зэрэг хамгаалсан. 1998 онд дэд профессор, 2002 онд профессор, 2004 онд Монголын ШУА-ийн Нийгмийн ухааны бага чуулганы дэргэдэх ЦШУ-аар ШУ-ны доктор хамгаалуулах зөвлөл дээр цэргийн шинжлэх ухааны докторын /Sс.D/ зэрэг хамгаалсан.

2004 онд Олон улсын мэдээлэлжүүлэлтийн академийн жинхэнэ гишүүн-академичаар сонгогдож ажилласны завсар түүний хийсэн ажил албыг сонирховол МАА-ийн 190 дүгээр салбарын захирагч, 119 дүгээр ангийн штабын дарга, ЗХЖШ-ын химийн хэлтэст офицер, ахлах офицер, 5А-ийн Химийн хэлтсийн дарга, БХЯ-ны Химийн хэлтэс, МАА-ийн Химийн цэргийн дарга, ЦНДС-ийн захирлын 1-р орлогч, сургалтын хэлтсийн дарга, ЦЭШИ / БХЭШХ/-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, захирал, БХИС-ийн эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, БХЭШХ-ийн захирлаар ажиллаж явна.

Тэр ажлын хажуугаар БХЯ-ны ШУТехнологийн зөвлөлийн гишүүнээр 15 дахь жилдээ, БХИС-ийн эрдмийн зөвлөлийн дарга, ЭНБД, гишүүнээр 20 дахь жилдээ, БХЭШХ-ийн эрдмийн зөвлөлийн дарга, гишүүнээр 15 жил, Цэргийн ШУ-аар докторын /Рh.D/ зэрэг хамгаалуулах зөвлөлийн ЭНБД, Цэргийн ШУ-ны докторын /Sс.D/ зэрэг хамгаалуулах зөвлөлийн ЭНБД, гишүүнээр 2 дахь жилдээ ажиллаж яваа ажээ.

Доктор Паламдоржийн гарын сайн шавь гэвэл докторуудаас Монтойн Хүрлээ, Пунсаагийн Нарангэрэл, Батжаргалын Баяржаргал, Асархааны Муратхан, Зундуйн Батцэнгэл, Ядмаагийн Чойжамц, магистраас Х.Баасандамба нарыг дурдаж болно. Паламдорж “Цэрэг ар талын объектыг ҮОХЗ-ээс хамгаалах”, “Нэг бүрийн болон нийтээр хамгаалах хэрэгслийг ашиглах”, “ҮОХЗ, түүнээс хамгаалах”, “Химийн тусгай бэлтгэл”, “Дайны тухай онол, сургамж”, “Терроризм, түүнээс сэргийлэх”, “Мэдээллийн дайн, түүнээс хамгаалах” гэх мэт бие даасан 10 гаруй, хамтын 20 гаруй ном, сурах бичиг, гарын авлага, бүтээл туурвиж, 40 гаруй өгүүлэл нийтлүүлсэн. Эрдэм шинжилгээний онол, практикийн бага хуралд 30 гаруй удаа оролцож, 10 гаруй илтгэл тавьжээ.

Гэргий Банзарын Бямбаа нь Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харъяат. Тэднийх 2 охин, 1 хүүтэй бүгд тусдаа гарцгаажээ.

Юндэнбатын БОЛДБААТАР /Түүхийн ухааны доктор/

1970 онд Баянхонгор аймагт төрсөн. Аймгийн 10 жилийн 2-р сургууль, МУИС төгссөн. Түүхч, Археологич, түүхийн багш мэргэжилтэй. Түүхийн ухааны доктор. “Боржигон овгийн нэрийн тухай”, “Чингис хааны өвгөдийн тотем”, “Жамуха чоносын хөвгүүдийг далан тогоонд чанаж буцалгасан уу” зэрэг 20 шахам эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэн. Одоо ШУТИС- ийн Хүмүүнлэгийн ухааны их сургуульд түүх, археологийн багшаар ажилладаг. Монголын шилдэг гэрэл зураг шалгаруулах уралдааны чөлөөт сэдвийн төрөлд 2004, 2005 онуудад шалгарч байв. 2010 онд түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан.

Дашдоржийн ДУЛАМ /МУ-ын Ерөнхий прокурорын туслах асан/

1929 онд Жинст сумын нутагт төрсөн. 1946 оноос Жинст суманд бичиг үсгийн багш, ХЗЭ-ийн үүрийн дарга, 1949 оноос Улаанбаатар хот Хужирбулангийн цэргийн ангид бага дарга, 1952 оноос Жинст сумын захиргааны нарийн бичгийн дарга, 1955 оноос Баянзүрх сумын намын үүрийн нарийн бичгийн дарга, 1957 оноос аймгийн прокурорт мөрдөн байцаагч, 1958-1961 онд Хууль цаазны сургууль төгссөн. 1962 онд Жаргалант суманд прокурор, аймгийн туслах прокурор, 1967-1971 онд Сүхбаатарын нэрэмжит намын дээд сургууль төгссөн.

1972 оноос Улсын прокурорын газарт туслах прокурор, Октябрийн районы ерөнхий хяналтын прокуророор тус тус ажиллаж байсан Хуулийн байгууллагын ахмад ажилтан, сэтгүүлч хүн байжээ.

Дуламын хөдөлмөр зүтгэлийг үнэлж Хөдөлмөрийн хүндэт медаль, ардын хувьсгалын 40, 50, 60 жилийн ойн медаль, МХЗЭ-ийн ТХ-ны “Хүндэт үнэмлэх” Монголын радио телевизийн улсын хорооны болон МҮЭ-ийн ТЗ-ийн шагналуудаар шагнажээ.

 

Цэенгийн ЦЭРЭН-ОЧИР /Зурхай судлаач/

1948 онд Жинст суманд төрсөн. 1956-1960 онд Жинст сумын бага сургууль, 1960-1966 онд Өлзийт сумын 7 жил, төвийн 10 жилийн дунд сургуулийг дүүргээд 1966 онд МХЗЭ-ийн илгээлтээр Шарын голын нүүсний уурхайд очиж төмөр замчин, экскаваторын машинчаар ажиллав. 1973 онд ЗХУ-ын Кемерово хотноо үйлдвэр сургалтын техникумд суралцан гүний уурхайн тоног төхөөрөмжийн цахилгаан механикч мэргэжил эзэмшээд Налайхын ТМС, Улаанбаатарт БҮТМС-д ажиллаж байв. Мөн Монгол телевизэд орчуулагч редактороор ажилласан. Цэрэн- Очир орос хэлний багшийн дээд сургууль төгсөөд барилгын мэргэжилтэн бэлтгэдэг сургуульд 9 жил багшилжээ.

1990 оноос Зурхайн шинжлэх ухааныг судалж энэ чиглэлээр дагнан ажиллажээ. Энэ хугацаанд Монголын зархайчдын холбоо, Зурхай-сүнс судлалын академи, Зурхай судлалын академи, Зурхайн Ухааны академи, Зурхай судлалын хүрээлэнгийн тулгын чулууг тавилцжээ. “Эрдмийн таван чуулган”, “12 жилтний заяаг тэтгэх бичиг”, “12 гэртний хувь заяаны бичиг”, “Анагаах ухааны зурхай”, “Төвд хэл эхлэн сурах дэвтэр”, “Төвд-Монгол зурхайн толь бичиг” зэрэг ном товхимол хэвлүүлснээс гадна жил бүр цаг тооллын дэлгэрэнгүй бичгийг зохион боловсруулж хэвлэх, энэхүү эрдэм ухаанд хойч үеэ бэлтгэх ажилд цаг заваа зориулж байна.

Цэрэн-Очир Зурхайн Академийн жинхэнэ гишүүн, Зурхайн ухааны академийн эрдмийн зөвлөлийн тэргүүн бөгөөд Зурхай судлалын “Тэнгэрийн утга” хүрээлэнгийн захирлаар ажилладаг.

 

Батдоржийн РИНЦЭНСАМБУУ /Гэгээнтэн/

      Гачин буюу Их Зарлигт хэмээх хувилгаан ламын есдүгээр дүрээр тодорсон Ринцэнсамбуу гэгээн Сайн ноён хан аймгийн Эрдэнэбандида Ламын гэгээний шавь одоогийн Баянхонгор аймгийн Жинст сумын уугуул Цэенгийн Батдоржийн 3 дугаар хүү болон төржээ. 2004 оноос Б.Ринчинсамбууг бурханы шашны ёс жаягаар шүүн шинжээд Монголын бурханы шашны есдүгээр Богд Живзундамба Жамбалнамдолчойжижанцан Дээрхийн гэгээн Далай багшид айлтган соёрхосны дагуу 17-р жарны гал нохой жилийн өвлийн эхэн сарын шинийн 15-н буюу аргын 2006 оны 11 дүгээр сарын 25-нд түүнийг Гачэн ламын хойт дүрээр тодруулан зарлиг болгож Гачэн Чогбрүл Ринбочэ хэмээх цол өргөмжилжээ. Гачэн Чогбрүл Ринбочэ Б.Ринчинсамбуу гэгээнийг 2007 оны 08 дугаар сарын 16-нд Эрдэнэцогт суман дахь Пандэчойнхорлин хийдийн ширээт ламаар өргөмжилж Балдан Лхама Цогт төгөлдөр охин тэнгэр бурханыг залжээ.

 

Гэндэнжамцын ГЭНДЭНСЭНГЭЭ /Соёлын яаманд референт, 1924-2002/

Жинст сумын нутаг Тариатад 1924 онд төрсөн. 9 насандаа Ламын гэгээний хүрээнд шавилан, 3 жил орхимж өмсч явснаа тэнхимийн сургуульд орж суралцжээ. 1939 онд Налайхын нүүрсний уурхайд ажиллах саналаа өгч ажил амьдралынхаа гарааг эхэлжээ. 1944 онд цэргийн албанд татагдан штабын бага даргын сургуульд суралцан, 1945 онд төгсөөд цэргийн клубын болон сумангийн орлогч даргаар тус тус ажиллаж байгаад 1954 онд цэргээс халагдаж, 1959 онд БНМАУ-ын Соёлын яаманд орон нутгийн соёл урлагын асуудал хариуцсан референт, Улаанбаатар хотын Соёлын хэлтсийн дарга, Геологийн товчооны орлогч дарга, орон тооны бус намын үүрийн даргын ажил эрхлэх болжээ. 1963- 1975 онд Баянхонгор аймгийн геологийн товчооны дарга, 1975 онд Улаанбаатар хотод ирж Түлш эрчим хүч, геологи, уул уурхайн яамны Барилга контор, засварын баазын дарга, 1977-1979 онд мөн яамны аж ахуйн тасгийн дарга, 1979 оноос тус яамны харъяа уурхайчдын амралтын даргаар тус тус томилогдон ажиллаж байв.

Улсад ажилласан 40 гаруй жилийн хөдөлмөрийг үнэлж Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн медалиуд, “Тэргүүний геологич”, “Тэргүүний уурхайчин” цол тэмдэгээр шагнаж урамшуулжээ.

 

Маамын ТОГОО /СТА, АБТА, Барилгын тэргүүний ажилтан/

        1943 онд Жинст суманд төрсөн. Тэр 1962 онд төвийн 10 жилийн сургууль, 1966 онд УБДС төгсөн 1966 оноос аймгийн 10 жилийн сургуульд 1976 оноос Улаанбаатар хотын Барилгын коллежид багшилжээ. Боловсролын байгууллагад 42 жил ажилласан.

Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засаг үнэлэн Алтан гадас одон, Ардын хувьсгалын ойн медалиуд, “Багшийн гаъяа” тэмдэг, Ардын боловсролдын тэргүүний ажилтан, Соёлын тэргүүний ажилтан, Барилгын тэргүүний ажилтан цол, тэмдэг 2009 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одонгоор шагнажээ.

2008 онд Дүүргийн иргэдийн хурлын тэргүүлэгчээр сонгогдсон.

 

Агвааны ЧИМЭДЦЭРЭН /Цагдаагийн хурандаа/

1957 онд Жинст сумын “Уулангийн гол”-д Агвааны 2-р хүү болон төржээ. 1980-1985 онд ЗХУ-ын Дотоод Явдлын Яамны академи, 1988-1990 онд Намын дээд сургууль, 1993-1995 онд Засгийн газрын Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, 1996-1998 онд Тусгай зориулалттай англи хэлний институт тус тус төгсжээ.

Хууль зүйн магистр цолтой.

Тэрээр ХБНГУ, ОХУ, Сингапур, БНХАУ, Филиппин, Япон, Египет, БНСУ-д мэргэжил дээшлүүлэх дамжаанд хамрагдан суралцсан.

Хуульч, удирдлагын зохион байгуулагч газрын ордны комендатурт хамгаалалтын ажилтан, 1985-1990 онд Улаанбаатар хотын мэргэжилтэй. 1976 оноос НАХЯ-ны болон цагдаагийн системийн байгууллагад Засгийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс, Нийслэлийн Цагдаагийн газар , ЦЕГ-ын өмчийн хэлтэст төлөөлгөч, ахлах төлөөлөгч, 1990-1996 онд Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвд гадаад паспортын тасгийн болон хэлтсийн дарга, ЦЕГ-ын Боловсон хүчний болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, 1998 оноос Нийслэлийн цагдаагийн газрын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, 2004 оноос Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын Цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байна. Чимэдцэрэнгийн Хөдөлмөрийн амжилтыг төрөөс үнэлэн Цэргийн хүндэт медаль, Цэргийн гавъяаны одон, Цагдаагийн алдар, Хууль зүйн албаны тэргүүний ажилтан цол тэмдгүүдээр шагнажээ. Цагдаагийн хурандаа цолтой.

Пэрэнлэйн ТОГОО /АБТАжилтан, Зөвлөх багш/

1946 онд Баянхонгор аймгийн Жинст суманд мэндэлсэн. 1959 онд Жинст сумын бага сургууль, 1965 онд Баянхонгор хотын 1-р 10 жилийн сургуулийг төгсөж улмаар УБДС-ийн математик физикийн ангид элсэн орж 1969 онд математик-физикийн багш мэргэжил эзэмшсэн. Дээд сургуулиа төгсөөд Завхан аймгийн Тосонцэнгэл хотод багшилж байхдаа ханьтайгаа учирсан ч хань нь 37-хон насандаа 6 сайхан үрээ үүрд орхин оджээ. Энэ цагаас эр хүний сэтгэлийн хатаар гэрт орж эм, гадаа гарч эр болон дэндүү балчираараа үлдсэн үрсийнхээ төлөө идэх уух, өмсөж зүүх, унтах нойрыг хугаслан ганцаар зүтгэсээр хүний зэрэгт хүргэсэн байна. Хүүхдүүд нь: Хүү Чагнаадорж, Базардайрий, Ганбаатар, Ганчулуун, Гантогтох охин Энхмаа гэсэн 6 хүүхэд нь цөмөөр тусдаа гарч тус тусын амьдралыг хөөжээ.

Тэрбээр Тосонцэнгэл хотын 10 жилд физик тооны багш, Баянхонгор аймгийн Баян- Овоо сумын дунд сургуулийн хичээлийн эрхлэгчээр 1974-1976 онд, Баацагаан сумын дунд сургуулийн захирлаар 1976-1977 онд, Өлзийт сумын дунд сургуульд хичээлийн эрхлэгч 1977-1979 онд, мөн захирал 1979-1984 онд, Эрдэнэмандал ахлах сургуулийн хичээлийн эрхлэгчээр 1985-1991 онд, мөн захиралаар 1991-2005 онд, Зөвлөх багшаар 2005-2009 онд тус тус ажиллажээ.

Гавъяа шагнал нь: Ардын хувьсгалын 60,70,80 жилийн ойн медалиуд, 1981 онд АБЯамны “Тэргүүний багш” цол, тэмдэг, 1984 онд АБЯамны “Хүндэт жуух бичиг”, 1990 онд Боловсролын яамны “Ахлах багш” цол, тэмдэг, 1991 онд АБТАжилтан цол, тэмдэг, 1997 онд Баянхонгор аймгийн “Шилдэг захирал” өргөмжлөл, 2001 онд Алтан гадас одон, Боловсролын байгууллагын 80 жилийн ойн медаль, 2005 онд МБНХолбооны “Есөн эрдэнэ” хүндэт медаль, 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медалиар тус тус шагнагджээ. Монголын багш нарын 6-р их хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцжээ.

 

Сономдоогийн ДОРЖНЯМ /БНМАУ-ын аварга малчин/

1940 онд Өлзийт сумын Эмээлтийн тохойд төрсөн. Тэр 1948 оноос Өлзийт сумын бага сургуульд 4 жил сурсан. 1952-1960 онд эцэг эхийн гар дээр мал маллаж байгаад 1960-1961 онд Жинст сумын Улаанбулангийн эрхлэгч, 1961 оноос хойш “Дөл” нэгдлийн адуун сүргийг маллаж байв. Нэгдэлжих хөдөлгөөн өрнөж эхлэхэд сумынхаа анхны нэгдлийг байгуулалцсан ууган гишүүний нэг. Доржням 1961 онд нэгдлийн 100 шахам адуу хүлээн авч 7 жилийн хугацаанд малын гарзгүй маллаж адуун сүргээ 300 болтол өсгөж адууны ашиг шимийн даалгаврыг тогтмол давуулан биелүүлж сум, аймгийн олон удаагийн аварга болжээ. 1961 онд Сангидоржийн Дагмидмаатай гэр бүл болж 9 хүүхэд төрүүлж өсгөсөн байна. С.Доржням нь адуу маллах арга туршлага сайтай, нэгдлийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө, даалгаврыг давуулан биелүүлэхэд олон жил үр бүтээлтэй ажиллаж, мал аж ахуйн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан хүн. Мөн адуу маллаж ирсэн арга туршлагаасаа залуу хойч үедээ зааж сургах, өвлүүлэн үлдээхэд ихээхэн санаачлагтай ажиллаж, түүний шавь нар дотроос эмнэг сургалтын мастер Х.Гантөмөр, Сүхбат болон адуучин Тошлой, Батжанцан, Жанцандорж, Эрдэнэбат нар нь удам дамжсан хамаатан хүмүүс юм. Түүний хүү Ганбат, хүргэн Пүрэвжав, Гантөмөр нар нь аавынхаа залгамж халаа, удам залгасан адуучид болсон. С.Доржням хурдан морь сойх, жороо моринд явдал оруулах, уургийн морь сургах зэрэгт чамгүй сайн байсан. Үүнийхээ үр дүнд олон сайхан жороо морины явдлыг тэгшилж, олон сайхан уургийн морьтой байлаа. Жороо зээрд, саарал, хүрэн, Пүрэвжавын жороо хүрэн, Ганаагийн жороо хар зэрэг морьд, уургийн саарал, хээр, буурал гэх мэт олон морьдийг дурдаж болно. Түүний уяж сойсон цагаан хул морь аймагт хоёр дахиж айрагдсан, халтар морь нь НД-ын 30 жилийн ойгоор түрүүлсэн. Аймгийн наадмаар хурдан морины комиссын гишүүнээр олон жил ажилласан юм. Ламын гэгээний адуун сүрэг идээшин нутаглаж байсан Баруун зүүн хонгорын тал, Сарын гэзэг, Гүний нуруу, Цээл, Цагаан бухат, Дашаа, Ар улаан, Баян төхөм, Уулан, Улаан эргийн гол, Хар нүдэн, Намгын гол зэрэг ус, ургамал тэгширсэн соргог сайхан бэлчээрийг даган нутаглаж явсан байна. Доржнямын адуу маллах нөр их хөдөлмөрийг төр засаг өндөр үнэлж: Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, АХ-ын 50,60 жилийн ойн болон 5,6,7-р таван жилийн гавшгайч, 1976 онд БНМАУ-ын аварга адуучин, 1977 онд сум, аймаг, АИХ-ын депутат, 1973 онд аймгийн хөдөлмөрийн аварга, 1972,1985 онд Якут улс, 1979 онд Болгар улсад зочилж туршлага судалсан байна. Эхнэр Дагмидмаа нь Баянговь сумын “Тэмээн яст” гэдэг газар төрсөн. Сургуулийн өмнөх насандаа эцэг эхийн гар дээр мал

маллаж байгаад 1956 оноос Баянговь, Жинст, Өлзийт сумдын сургуульд суралцан чамгүй сайн боловсрол олжээ.

1961 онд Доржнямтай гэрлэсэн. 1961 оноос адуучны гэргий байсны хувьд сүү цагаан идээ бэлтгэх, гүү сааж айраг бэлтгэх, адуу хөөвөрлөж ноослох зэрэг ажилд шамдан зүтгэж гүүний саалийн төлөвлөгөө нормийг жил бүр давуулан биелүүлж сумын 7 удаагийн, аймгийн нэг удаагийн аварга саальчнаар тодорч, Алтан гадас одон, 5,6-р таван жилийн гавшгайч, ойн медалиуд, Ахмадын хүндэт тэмдэгээр шагнагдаж аймгийн намын бага хурал, эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүнээр сонгогдож төр олон нийтийн төлөө зүтгэж ирсэн байна.

 

Мэдээ оруулсан: 2016-03-29 15:04:44