БАЯНХОНГОР АЙМГИЙН ЖИНСТ СУМ
ЗАРЛАЛ
Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна. Жинст сумын хүүхдийн Ирээдүй цэцэрлэгт Багшийн ажлын түр орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж байна. Харилцах утас: 96880686
Жинст сумын танилцуулга

       Баянхонгор аймгийн Жинст сум нь Говь-Алтайн нурууны ноён оргил Их Богд уулын ар хоолой, 360 өвөлжөөтэй Нарийн харын нуруу, түүх домогт Бодийн бор хошуу, хүн малын ундаа болсон угалзран цэнхэртэх Түйн голын хөвөөнд оршиж 1924 онд үүсэн байгуулагдсан түүхтэй. Аймгийн нутгийн зүүн төв хэсэгт байрлаж зүүнээс Өлзийт, Богд, Баянговь, Баянцагаан, Баацагаан, Баян-Овоо сумдтай хиллэн аймагтаа 5-т орох хэмжээний 531,2 кв дөр, км газар нутагтай . Үүнээс 98% ХАА-н эдэлбэр, 70 га нь хадлангийн талбайтай. Нийслэл Улаанбаатараас 650 км, аймгийн төвөөс 100 км зайд алслагдан говь тал хээрийн бүсийн хойд хэсэгт өргөрөгийн 45 уртрагийн 100 градуст оршино. Хамгийн өндөр цэг нь Их Богд уул 3957 м хамгийн нам доор цэг нь Хөнөгийн ширгийн худаг 1426 м-т байршина. Агаарын хэм өвөл 30-40 градус хүйтэн, зун 30-40 градус, дулаан хавар нилээд шуурга тавьдаг жилд дундажаар 10-15 мм хур тундастай.

      Түүхэн домогт Бодийн бор хошуу, үзэсгэлэнт Түйн голын хойд дэнж хөвөөнөө 1957 оноос суурьшсан. Жинст сумын төв нь хойд талаараа элсний хамгаалалт бүхий хороотой, Чацарганы төгөл бүхий ойн зурвастай, төвдөө цэцэрлэг, бүжгийн задгай талбай соёл амралтын хүрээлэнтэй, барилга байгууламж барих бололцоо бүхий өргөн уудам талбай бүхий газар нутагтай. Сумын төвд Б.Сосорбарамын нэрэмжит Эрдмийн өргөө 9 жилийн дунд сургууль, 10 ортой Эрүүл мэндийн төв, Эмийн сан, 90 хүүхдийн Ирээдүй цэцэрлэг, Засаг даргын тамгын газар, Соёл спортын ордон үйл ажиллагаа явуулж байна.

Байгаль газар зүй

        Жинст сум нь говь хангайн гурван бүсийг хамарсан улсын тусгай хамгаалттай Говь Алтайн нурууны ноён оргил Их Богд уул /3957м/-ын Улиастай, Бургасан хөндий,1957 оны газар хөдлөлөөр нурсан уул,үүссэн хоёр нуур эвдэрсэн газрын хагархай, Зараагийн унтарсан галт уулын тогоо, Хөнөгийн заган төгөл, элсэн манхан, Хүүхний хөндий, Тариатын Улаан дугана уул, Хонгилтой аараг, 360 өвөлжөөтөй сумын нэрийн утга учир болсон Жинст хайрхан уул бүхий,Урд хойд нарийн харын нуруу, 1970-80 онуудад тэжээлийн үйлдвэр ажиллаж байсан Цагаан голын хадлангийн талбай, Хүйсийн таван элсэн манхан, Нарийн гол, Хүрэн толгой, Гүний нуруу, Бор азаргын нуруу, ирээдүйн зэсийн уурхай Сарын гэзэг, орон нутгын тусгай хамгаалалттай Хавцгайн хавцал хөндий, Цохион хашаат, Зүүн шийр уул, Зүүн хонгорын тал, Бодийн бор хошуу, Түйн гол зэрэг газруудыг хамарсан өргөн уудам нутагтай. Түүх соёлын дурсгалт газрууд Хоёр улиас, Тээрмийн бул чулуу, Нарийн харын хөшөө чулуу, Бор цохионы болор чулуу, Чулуу хагалаач, Нарийн голын хаалт далан бүхий ам, Хүүхэн эхний Чингисийн гүүн зэлний чулуун гадас, Сумны тусгал,Тариатын жуваантын хавчиг, Мухрын эх, Мэлхийт, Бүлээний хиргэсүүрүүд, Хаанамч, Бүлээн, Дашгайн хадны сүг зурагууд, түүх домогт Бодь овоо, Модон овоо зэрэг газрууд байна.

Ан амьтан, ургамал

       Тус сумын нутагт дэлхийд ховормонгол улсын дархан цаазтай Аргаль угалз, Янгир, Ирвэс, Хар сүүлт, Хойлог зэрэг амьтан шувуу, үнэг, шилүүс мануул хярс суусар огтоны чоно, алаг даахай, алтайн тарвага,цагаан зээр, бор туулай, зараа, шувуудаас бор галуу, өрөвтас, тогоруу, тоодог, тас, элээ, бүргэд, сар, шонхор, ятуу, ногтруу, хулан жороо зэрэг олон төрлийн амьтан шувууд элбэгтэй. Вансэмбэрүү, Мүгз, Бамбай өвс, Алтан гагнуур, Лидэр, гоёо, чихэр өвс, тарваган шийр, Цулхир, Хулангийн ундаа, Тэмээн хөх, зэрлэг сонгино, Таана хөмүүл, Цагаан агь, 3төрөл зээргэнэ, таван салаа, бударгана зэрэг эмийн болон хүнсний ургамал тошлой,хармаг зэрэг жимс жимсгэнэтэй.

Эрдэс баялаг

Тус сумын төв нь эртнээс газрын зурагт Жинст гэж тэмдэглэдэг байсан нь газар зүйн координат тогтооход чухал цэг гэж үздэг. Ашигт малтмалын нөөц баялагаас Чулуун нүүрс, Зэс молибден, алт, Хөнөг, Хүйс, Цагаан голын хужир давс, барилгын шавар элсний арвин нөөцтөй. Мөн Зостын хоолойн зос, Бодийн шанаа барилгын шавар, Нарийн харын сүүлийн шороон будгийн нөөцтөй, Болор чулуун илэрцүүд, ардын эмнэлэгт хэрэглэдэг жуваан, шөрмөсөн чулуу зэрэг ховор эрдэсүүд байдаг. Газрын тосны хайгуул хийгдэж байна.

Аялал жуулчлал

Их Богдын уулс нь зуны улиралд нам доороо халуу шатаж байхад дундаас дээш бүсэд сэрүү татан сэнгэнэж үүл гаран хур бороо орох нь говь хангайнорон гэлтэй. Ам бүрээс булаг шанд урсаж ургамал мод халиуран ан амьтан араатан жигүүртэн элбэгтэй. Малчид иргэд нь энэ сайхан нутгаа хамгаалахаар Байгаль хамгаалах нөхөрлөл байгуулж ажиллаж байна. Жуулчдын бие сэтгэлийг татах байгалийн үзэсгэлэнт газрууд, жуулчдын отог байгуулан ажиллахбололцоо бүрдсэн. Хавцгайн хавцал хөндийн дундуур нь Түйн гол урсдаг тул сэрүүхэн Улиас бургас мод ургаж төрөл бүрийн ургамал ногоо халиуран хавцал хаданд нь янгир ямаа дүүлэх нь байгалийн үзэсгэлэнг бүрдүүлж хүмүүсийн алжаалыг тайлдаг. Өвөр аманд нь хоёр улиас, тээрмийн бул чулуу, домогт модон овоо, Бодь овоо суврага Цагаан тээгийн хөшөө чулуу, аймагтаа хамгийн ойр үлэг гүрвэлийн чулуужсан яс олдож болох Луугар хүрэм, луу яст зэрэг газар байна.

Дэд бүтэц

        2007 онд Эрдэнэт Булганы цахилгаан дамжуулах 35 квт-ын агаарын шугамд холбогдон байнгын цахилгаан эрчим хүчтэй болсон А бүсдээ 160 квт-ын Б бүсдээ 150 квт-ын трансформатор болгож 2013 онд өргөтгөл хийгдсэн, 2009 оноос шилэн кабелийн шугам тавигдаж интернэтэд холбогдсон. Скайтель, Юнител, Мобикомын үүрэн телефоны сүлжээтэй. 2009, 2010 онд төв цэцэрлэг, Сумын төвд Ник –ийн болон хувийн 2 ШТС-тэй А92, А80, бензин, Дизель шатахуун,тос маслоор үйлчилдэг.Бага зэрэглэлийн 2 зочид буудал, Халуун ус, Ахуйн үйлчилгээ, хүнс барааны 10-аад дэлгүүртэй. Эсгийн цех, Талх нарийн боовны цех, оёдолын цех, хэвлэлийн цехтэй. 2013 онд иргэний танхим, спортын ордон, 2, 3, 5 р багийн төв, халуун ус, ахуйн үйлчилгээ, цэнгэлдэх хүрээлэн зэрэг барилга байгууламж баригдаж ард иргэддээ үйлчилж байна. Сумын төвөөс Зүүн хонгорын чиглэлд 20 км-т, Хөвсгөлөөс Шивээ хүрэн хүртэл босоо тэнхлэгийн засмал замд холбогдохоор төлөвлөгдсөн.

Мал аж ахуй

       2015 онд 188481 толгой мал тоолуулж түүхэндээ хамгийн олон мал тоолууллаа. Малын эрүүл мэндийг хамгаалах их үйлст 2011 оноос мал эмнэлэг үржлийн тасаг гурван орон тоотой үйл ажиллагаа явуулж, нэг хувийн мал эмнэлэг 2 гэрээт эмч ажиллаж байна. Ямаан сүргийн ноолуурын чанар сайжруулахаар Залаа жинстийн цагаан, Бөмбөгөрийн Өлзийт голын улаан ухна үржилд ашиглаж байна.Жинст сумын тэмээчид Ламын гэгээний улаан, Төхөм тунгалгын хос зогдортой буурыг үржилд ашигласнаар сумын тэмээний чанар сайжирч ашиг шим нь нэмэгдснээр өрхийн орлого нэмэгдэж байна. Уяачид Сүхбаатар, Хэнтий, Дорнод зэрэг аймгуудаас хурдан удамын адуу авч ирэн адуун сүргээ хурдан удмаар цус сэлбэн үржүүлж байна. 2012 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Баянгол сумаас “Барга омгийн хуц авчран Хонин сүргийн махны гарцыг нэмэглүүлэхээр үржилд ашиглаж эхлэв. Сумын нийт мал сүрэг 100 хувь тарилга туулгалтанд хамрагдаж байгаа бол 21%-г ээмэглэн цахим бүртгэлд бүртгээд байна.

Мэдээ оруулсан: 2016-01-31 11:57:29