БАЯНХОНГОР АЙМГИЙН ЖИНСТ СУМ
ЗАРЛАЛ
Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна. Жинст сумын хүүхдийн Ирээдүй цэцэрлэгт Багшийн ажлын түр орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж байна. Харилцах утас: 96880686
Жинст сумын түүхэн товчоон

        Ардын хувьсгалын дараа 1923 оны 11 дүгээр сард Засгийн газрын шийдвэрээр аймаг, хошуудыг үе улиран захирч байсан ноёдын хэргэм цолооор нэрлэж байсныг өөрчилж тус тусын газар орны уул усны нэрээр нэрлэх болсноор 1924 онд Цэцэрлэг мандал аймгийн Баянзүрх уулын хошууд байгуулсан 10 сумын нэгэн болон Тариат сумаар гарал үүслээ эхэлжээ. 1925 онд Тариат сум нь одоогийн Баянговь сумын баруун талын нутаг Гүн, Нарийнаар нэрлэгдсэн Гүн сум хоёрыг нэгтгэж Паламждорж даргатай Тариат сум, Сартах уулаар нэрлэгдсэн Сартах сум, Жинст сумын хойд талд орших Сар уулаар нэрлэгдсэн Сар сум хоёрыг нэгтгэж Г.Гэндэндорж даргатай Сар сум болжээ. 1930 оны тавдугаар сард одоогийн Жинст сумын нутагт зохион байгуулагдан оршиж байсан Тариат, Сар, Хөвших сумуудыг орон нутгийн Засаг захиргааны нэгжийн өөрчлөлтөөр нэгтгэж Баянзүрх уулын хошуудын Нарийн хар сум нэртэй болж сумын даргаар Базарын Цэрэндулам гэдэг эмэгтэйг сонгожээ.Нарийн хар сум нь 1931 онд Өвөрхангай аймагт харъяалагдах болсон.1933 онд Өвөрхангай аймгийн яамнаас сумдын тамга тэмдгийг шилжүүлэхэд Нарийн хар сумыг Жинст сум нэртэй болгожээ.

       1941 онд Говьбөмбөгөр аймаг /одоогийн Баянхонгор/ байгуулагдахад Өвөрхангай аймгаас нутгийн харъяалалаар шилжиж ирсэн таван сумын нэг нь Жинст сум юм. БНМАУ-ын Арлын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1957 оны 7-р сарын 23-ны өдрийн 115 дугаар зарлигаар Жинст сумыг татан буулгаж Богд сумтай нийлүүлсэн бөгөөд 1.2.3-р багийг Богд суманд 5.6 –р багийхан “Бүтээлч” нэгдлийн хамт Өлзийт суманд шилжиж байв. 1959 онд олон түмний саналаар Жинст сумыг дахин байгуулахад 403 өрх 1305 хүн амтай , 81621 толгой малтай сум болжээ. Жинст сум нь 1924 оноос хойш тариат , Нарийн хар , Бодид 1944 он хүртэл Хүйсийн голд 1944-1957 онуудад , 1957 оноос эргэж Бодийн дэнжид суурьшсан байна. Их Богд уулын зүүн хойд хэсэгт Түйн голын хөвөөнд төвлөгдөг. Сумын эдэлбэр газар нь 531.2 мянган хавтгай дөрвөлжин километр талбайтай, үүнээс 99.2 га нь хөдөө аж ахуйн эдэлбэр талбай юм. Түйн гол сумын нутгийн дундуур 60 км үргэлжлэн урсдаг. Таван зуугаад өвөлжөө, хаваржаатай.Нарийн харын нуруу, Хонгорын тал, Хүйс , Хөнөгийн хоолой,Тэвшийн хүрэн, бургас, улиас ургасан Хавцгайттын хавцал, Жинст, Зүрх хайрхан зэрэг үзэсгэлэнт үржил шимт нутагтай. Сумын төв нь Улаанбаатар хотоос 780 км, аймгийн төвөөс 100 км зайтай. Бодийн дэнж дээр байрладаг.Бодийн дэнж нь түүхэн домогтой газрын нэг юм. Зэрэглээ мяралзсан Хонгорын талдаа Зээрийн янзага шиг торолзсон Бодийн борхон толгой минь Боссон ч суусан ч харагдана. /Ч.Цэрэн “Ингэн буйлаантай нутаг”/ Жинст сумын нутагт Ардын засаглал үүссэн түүхээс Түмэт бичээч даргатай Хөвших сум нь Дайчинвангийн хошууны Болд тайжийн харъяат ардууд, Доржийн Ваажиг даргатай Сартах сум нь Ламын Гэгээний Сартах сум нь Ламын Гэгээний Шарилан, Диваажин, дацангийн ардууд Галсангийн Гэндэндорж даргатай Сар сум нь Ламын Гэгээний Лүблэн дацангийн ардууд, Түмэнбаяр бичээч даргатай Гүн сум нь мөн Лүблэн дацангийн ардууд, Хорол бичиич даргатай Тариат сум нь Мамба дацангийн ардуудаар тус тус зохион байгуулагдан 770 орчим өрхтэй 2600 орчим хүн амтай зохион байгуулагдаж, Засаг захиргааны хуваарьт орж анхын ардын Засаг ингэж буй болжээ. “Дөл” нэгдэл Жинст суманд 1954 оны 5 дугаар сарын 2-нд Хүйс гэдэг газар 16 өрхийн 17 гишүүнтэй 1994 ттолгой малтай “Ургашаа” нэгдэл анх байгуулагдсан. Анхны Социалист салбар бий боллоо. Тус нэгдлийг Б.Соном-Иш,О.Цэрэнхүү, С.Гунгаа,Ц.Балдорж, Д.Содном, С.Намжил,Б.Лхамхүү,Б.Жанцандорж, Ж.Жамбалжав нарын 17 хүний санаачилан байгуулж нэгдлийн ерөнхий хорооны даргаар Г.Долгор, нягтлан бодогчоор Ж.Жамбалжав, шалган байцаах комиссын даргаар Б.Жанцандорж нар ажиллаж байжээ. Улмаар 1958 оны 09 дүгээр сарын 15-нд нэгдлээ “Дөл” нэгдэл гэж нэрлэжээ. 1958 онд бүх малчин өрхийг албадан зохион байгуулалтаар нэгдэл элсүүлж, малыг нь нэгдэлд нийгэмчилснээр тус суманд хувийн өмчийн харилцаа дуусгавар болж өмчлөлийн шинэ хэлбэр бий болжээ. 1965 оны байдлаар МАА-н 3 бригад, 10 хэсэг, 106 суурьт 81849 толгой малтай байжээ. Жинст сумын “Дөл “нэгдэл нь 1973 онд малаа таван төрөл дээр нь өсгөж МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын СнЗ , МҮЭ-ийн төв Зөвлөлөөс зарласан уралдаанд 2-р байр эзэлж “Диплом” МТЗ-50 чиргүүлтэй трактороор шагнагдсан. “Дөл” нэгдлээс улс аймгийн алдар цуутай тэргүүний хүмүүс олноор төрөн гарчээ. БНМАУ-ын аварга малчин цолоор тэмээчин С.Дашдондог, 1971 онд, адуучин С.Доржням 1975 онд , тэмээчин Б.Даваасүрэн 1979 онд, БНМАУ-ын аварга туувирчин Д.Дэмбээ 1987 онд, Б.Очирхүү 1990 онд, БНМАУ-ын тэргүүний нэгдэлчин цолоор хоньчин Лхамхүү, Г.Долгор нар шагнагдаж байжээ. Улс хоршооллын өмчийг 37 жил бүрдүүлж байсан “Дөл” нэгдэл зах зээлийн босгон дээр 1991 онд аж ахуйн нэгжийн хуулийн дагуу “Дөл” хувьцаат компани болж 2 жил үйл ажиллагаа явуулаад 1993 онд таржээ. Жинст сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаа , сум нэгдлийн даргаар ажиллаж байсан хүмүүс: 1. Дэмидийн Гончиг 1924 оны 8-р сараас 1926 оны 5-р сар хүртэл ажиллаад Засгийн газрын шийдвэрээр өөрчлөгдсөн. 2. Дашжанцангийн Гэндэндорж 1926 оны 5-р сараас 1927 оны 5 –р сар хүртэл ажилласан. 3. Галсангийн Гэндэндорж 1927 оны 5-р сараас 12-р сар хүртэл ажиллаж байгаад өөр газар шилжсэн. 4. Баатарын Рэнцэн 1927 оны 12-р сараас 1928 оны 08-р сар хүртэл ажиллаад аймгийн шийдвэрээр өөрчлөгдсөн. 5. Дэмидын Гончиг 1928 оны 8-р сараас 1930 оны 5-р сар хүртэл ажилласан. 6. Базарын Цэрэндулам 1930 оны 5-р сараас 1930 оны 9-р сар хүртэл ажилласан. 7. Төрмөнх 1930 оны 9-р сараас 1932 оны 12 сар хүртэл ажиллан хөдөлмөрчдийн сонгуулиар өөрчлөгдсөн. 8. Лувсанцэрэнгийн Цагаандолгор 1932 оны 12-р сараас 1935 оны 4-р сар хүртэл ажиллаж сонгуулиар өөрчлөгдсөн. 9. Дорлигийн Гомбосүрэн 1935 оны 4-р сараас 12 –р сар хүртэл ажиллаж аймгийн шийдвэрээр өөрчлөгдсөн. 10. Гүнсэнбаяр 1935 оны 12-р сараас 1937 оны 12-р сар хүртэл ажиллан аймгийн шийдвэрээр өөрчлөгдсөн. 11. Жанцандоржийн Паламдорж 1937 оны 12-р сараас 1938 оны 9-р сар хүртэл ажиллан аймгийн шийдвэрээр өөрчлөгдсөн. 12. Дашцэдэнгийн Санги 1938 оны 9-р сараас 1939 оны 3-р сар хүртэл ажиллан аймгийн шийдвэрээр өөрчлөгдсөн. 13. Дуламын Ишдорж 1939 оны 3-р сараас 1940 оны 2-р сар хүртэл ажиллан хөдөлмөрчдийн саналаар өөрчлөгдсөн. 14. Жанцандоржийн Паламдорж 1940 оны 2-р сараас 1942 оны 2-р сарын 30 хүртэл ажиллаж аймгийн шийдвэрээр өөрчлөгдсөн. 15. Ламзавын Дамдин 1942 оны 2-р сарын 30-наас мөн оны 9-р сар хүртэл ажиллаж аймгийн шийдвэрээр өөрчлөгдсөн. 16. Сангидоржийн Донид 1942 оны 9-р сарын 12-ноос 1946 оны 7-р сар хүртэл ажиллаж аймгийн шийдвэрээр өөрчлөгдсөн. 17. Даваахүүгийн Цагаанмаам 1946 оны 7-р сарын 20-ноос 1947 оны 3-р сарын 22-нийг хүртэл ажиллаж аймгийн шийдвэрээр өөрчлөгдсөн. 18. Онгийн Цэвээндорж 1947 оны 3-р сарын 22-ноос 1978 оны 5-р сарын 21 хүртэл ажиллаж аймгийн шийдвэрээр өөрчлөгдсөн. 19. Сангидоржийн Нэргүй 1948 оны 5-р сарын 21-нээс 1952 оны 10-р сарын 16 хүртэл ажиллан орон нутгийн сонгуулиар өөрчлөгдсөн. 20. Цэрэндоржийн Баахүү 1952 оны 10-р сарын 16-наас 1954 оны 10-р сарын 16 хүртэл ажиллаж байгаад Богд сумын даргаар ажилласан. 21. Сономын Жанцан 1954 оны 10-р сарын 16-наас 1958 оны 8-р сарын 10 хүртэл ажиллаж байгаад курст явсан. 22. Цэрэндоржийн Баахүү 1956 оны 8-р сарын 10-наас 1957 оны 4-р сарын 10 хүртэл ажиллаж байгаад Баянхонгор аймагт хотын захиргааны даргаар шилжсэн. 23. Чимэдийн Сангидаш 1957 оны 4-р сарын 10-наас 1959 оны 3-р сарын 15 хүртэл ажиллаж байгаад сум татан буугдахад аймагт шилжсэн. 24. Сангидоржийн Нэргүй 1959 оны 03-р сарын 15наас 1962 оны 5-р сарын 10 хүртэл ажиллаж байтал намын уриалгаар хүн ирж ажилласан учир орон тоогоор хасагдсан. 25. Гончигбатын Чимэдцэрэн 1959 оны 05 дугаар сарын 15-наас 1962 оны 05 дугаар сарын 10 хүртэл ажиллаж байгаад Улаанбаатар шилжсэн. 26. Бямбын Балжин 1962оны 05 –р сарын 10-наас 1964 оны 12 –р сарын 24 хүртэл ажиллаж Шинэжинст сумын нэгдлийн даргаар шилжсэн. 27. Долгорын Батаа 1964 оны 12-р сарын 24-нөөс 1970 оны 07 сарын 20 хүртэл ажиллаж Өвөрхангай шилжсэн. 28. Бат-Очирын Сангас 1970 оны 4-р сарын 21-ны өдрөөс эхлэн 1975 он хүртэл ажилласан. 29. Бямба Жигжидсүрэн 1975-1986 /Баянбулаг/ . 30. Ёндон Цэрэндулам 1986-1987 / Өлзийт / 31. Гүржав Давгадорж 1987-1989 /Баян-Овоо/ 32. Дэмбэрэл Сүрэнжав 1989-1990 /Баацагаан 33. Дашдондог Дөрвөнчулуун 1990-1992 /Галуут / 34. Пунцаг Шийхар 1992-1993 /Жинст/ Манай сум нь 1959-1985 оны хооронд Уулан, Хүйс, Хөнөг гэсэн мал аж ахуйн гурван бригадын зохион байгуулалтаар нам , төр , ХАА-н нэгдлийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зангидан зохион байгуулж байсан байна. 1958-1990 оны хооронд МАА-н найман хэсэгт ХАА-н үйлдвэрлэлийн үйл ажиллагааг малын төрөлжилтөөр зохион байгуулж хэсгийн дарга нярав, гэсэн удирдлагатай ажиллуулах болсон ба хүн малын эмч, мал зүйчдийг хэсэг бүрд томилон ажилуулж байв. 1992 оны Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар өөрчлөлтөнд орж 5 баг, сумын Засаг даргын Тамгын газрыг шинээр эмхлэн байгуулсан.

Мэдээ оруулсан: 2016-03-29 13:52:09